card

Tанилцуулга

Манай музей нь боловсрол хүмүүжлийн чиг үүргийнхээ дагуу олон нийтийн ажлыг ажилтан албан хаагчид, үзэгч сонирхогч нийтэд хөтөлбөр боловсруулан музейн үзүүллэг болон сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийг их дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад болон бусад байгууллагуудад хүргэж үйлчилж байна.

Хайрцган дахь музей”

Тус төсөл Дүрслэх урлагийн музейд 2013 онд анх хэргэжсэн. Төслийн зорилго нь алслагдсан дүүргүүдэр байрлах ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг музейд ирж үзэх боломжгүй иргэдэд музейн үзмэрээ энгийн хэлбэрээр танилцуулах оршино. Эртний хадны зургаас авхуулаад үйчүүрийн зураг хүртэл Монголын дүрслэх урлагийн түүхийг өгүүлэх музейн онцлох үзмэрүүдийг бүгд нэг хайрцганд багтахуйц жижиг хэмжээгээр урлан “Хайрцган дахь музей” тань дээр очих болно.

“Хайрцган дахь музей” PDF

“Соёмбо” сургалт /6-8-р ангийн сурагчдад./

Зорилго: Соёмбо үсгийн зохиогдсон түүх, бэлгэдэлт утга учрын талаар хүүхдүүдэд тайлбарлан, өгөх ингэснээр хүүхэд өөрсдийн төрийн бэлгэдэл соёмбо үсгийн бэлгэдлийг ойлгон мэдэж авснаар эх орноо хайрлан, хүндэтгэх сэтгэлгээтэй болох юм.

Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд бэлдсэн соёмботой цаасыг өнгөөр будуулж өөрсдөд нь дурсгал болгон өгөх. Идэвхитэй оролцож цэвэр сайхан будсан хүүхдүүдэд музейгээс плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулж, хийсэн бүтээлийг нь музейд авч үлдэх.

Үр дүн:  Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд дандаа хардаг, дээдэлдэг хирнээ утга учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй Соёмбын бэлгэдлийн талаар мэдэж авч, өөрөө будаж үзсэнээрээ өгсөн мэдлэг тогтоцтой үлдэх үр дүнтэй юм.

Монголын анхдугаар Богд олноо Өндөр гэгээн хэмээн алдаршсан Г.Занабазар нь 1686 онд Түвхэн бүтээлийн сүмдээ сууж соёмбо –Заяади үсгийг зохиожээ. Энэ үсэг нь “Өөрөө гарсан гэгээн” гэсэн утгатай бөгөөд уг титэм үсгийг андар гэгээн анхандаа мутрын тэмдэг маягаар хэрэглэж байжээ.

1911 онд Монголын ард түмэн манжийн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа үлдэн хөөж үндэсний улс төрөө ахин сэргээхдээ Монголын эртний уламжлалт соёмбо үсгийг тухайн цагийн байдалд нийцүүлэн хэрэглэж байгаад 1921 онд Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг Монгол улс өөрийн эрхт байхыг бэлгэдсэн улс төрийн гүн агуулгатай билээ.

Соёмбын дээр байдаг гурван дөлт гал нь Монгол улс маань өнгөрсөн,одоо, ирээдүй гурван цагт ямагт мандан бадрахын бэлгэдэл бөгөөд ер нь галыг монголчууд голомт залгамжлах, мандаж бадрахын утгаар хэрэглэдэг заншилтай.

Мөнх тэнгэрийг төлөөлсөн нар,сар хоёр бол монголын эртний сүлд тамба юм. Нар, сар, гал гурав нийлээд ашид мандан бадрахын бэлгэдэл болно.

Соёмбын доторх хоёр гурвалжин жад, сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош харуулсан нь дайсныг дараг гэсэн утгатай юм.

Соёмбын төвд буй хоёр хос загасны дээр дороос хашсан тэгш өнцөгтэй дүрсийг хэрэглэсэн нь шударга журамтай цэгц шулуун гэсэн бэлгэдэлтэй бөгөөд хүн бүхэн эх орныхоо төлөө эв санаа нэгтэй бол ган хэрэм лугаа төр улсаа хамгаалж цэх шударгаар хүчээ өгтүгэй гэсэн утгатай.

Загасыг эртний Монголчууд өдөр шөнийн аль ч цагт нүдээ аньдаггүй амьтан гэж сонор соргогийг бэлгэдэл болгожээ. Хос загас нь арга бэлэг, буюу эр, эм гэсэн утгатай бөгөөд соёмбо тэмдэгт улсын хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж өсөж үржин улс орноо цэцэглүүлнэ зэрэг утга санааг агуулсан байдаг.

Ийнхүү соёмбо тэмдэг нь гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж арга бэлэг хослон, төмөр хэрэм лугаа төр улсаа хамгаална гэсэн утгатай юм.

“Хадны сүг зураг” сургалт  /8-р ангийн сурагчдад/

Зорилго: Эртний хүмүүсийн зурж үлдээсэн зураг дүрслэлийн өвөг эцэг гэж нэрлэгдэх хад, агуйн сүг зургуудыг  юугаар,  яаж зурдаг байсан, хэдэн мянган жилийн өмнө хамаарагдах, юуг дүрсэлж зурдаг байсан манай орны хаагуур байдаг талаар хүүхдүүдэд хэлж өгсөнөөр түүхийн хичээлээр үзсэн мэдлэгээ музейд ирж нүдээрээ харж бататгах юм. 

Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд бэлдсэн байгалийн энгийн чулуун дээр, өнгийн будгаар хадны сүг зургийг дуурайлган зуруулж, идэвхитэй оролцож сайн зурсан хүүхдүүдийг плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулах.

Үр дүн: Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд хадны сүг зургийн талаар мэдлэгтэй болж, өөрөө зурж үзсэнээрээ эртний хүмүүсийн сэтгэлгээгээр түр ч гэсэн аялаж  үзэх юм.

Хамгийн эртний урлагийн бүтээл зураг дүрслэлийн өвөг эцэг гэж нэрлэгдэх хад, агуйн сүг зургийн талаар болон эртний хүмүүсийн аж ахуй амьдралын талаар тэдэнд мэдлэг өгч, өөрсдөөр нь тухайн зургийг дуурайлган зуруулсанааар сургалтыг сонирхолтой, үр дүнтэй болгох юм.

Монгол орон хадны  зургийн дурсгалаар үлэмж баялаг юм. Хадны зургийн дурсгал нь тухайн үйлдэгдсэн үеийнхээ хүмүүсийн амьдрал, аж ахуй, соёл, зан үйл зэргийг илэрхийлж чаддаг. Тэдгээрээс хүрэл, төмрийн түрүү үед хадан дээр улаан зосон будгаар зурсан, цоолборлосон, сийлсэн зургууд элбэг олддог.. Сүг зургийг хоёр аргаар бүтээдэг. Үүнд:

Зосон зураг:

  • шар зосон
  • улаан зосон

Сийлмэл зураг:

  • бодитой дүрсэлсэн
  • загварчилж дүрсэлсэн

гэж ангилна.

Үгийн сүлжээ /бүх насныханд/

Хүүхдүүд музейг хэр анхааралтай сонирхон үзсэнийг шалгах 9 асуулт бүхий үгийн сулжээ юм.

Сургалтанд оролцсон идэвхитэй сурагчдад музейгээс ном, плакат, ил захидал зэргээр шагнаж урамшуулах.

Хүүхдүүдээ! Манай музейг үзэж байхдаа та нар энэхүү сүлжээг бөглөөрэй. Үүнийг зөв хийвэл манай музей хэний нэрэмжит болох нь босоогоор гарч ирнэ. Энэ үгийн сүлжээ музейн аяллыг тань сонирхолтой болгоход тус болно гэж итгэж байна.

Дүрслэх Урлагийн музейн нэгэн танхимын нэр.

Бурханы оронг өөрөөр юу гэдэг вэ?

Дэлгэмэл зургийн нэр.

Марзан гэж алдаршсан зураачийн нэр.

Өндөр гэгээний эцгийн нэр

Шашны бүжиг.

Шарын шашныг үндэслэгч

XII –р зууны ном судрыг олшруулдаг зүйл.

Янгирын толгойгоор бариулыг нь чимэглэсэн илд аль үед хамаарах

"Зээгт наамал" сургалт

Зорилго: Монголчуудын уран сайхны сэтгэлгээний уламжлалд тулгуурлаж торго, хоргойг нааж, зээглэх хатгамал зэрэг оёдлын аргаар гүйцэтгэсэн ардын урлагийн бүтээл болох зээгт наамлыг ямар ямар материалаар яаж хийдэг арга технологи, ямар хүмүүс урладаг талаар мөн зээгт наамалаар оёж бүтээсэн бүтээлүүдийн талаар тайлбарлаж өгөх.

"Зээгт наамал"-ыг "Торгон зураг" хэмээн нэрлэсэн нь дүрслэл уран сайхны төгс илэрхийлэлээрээ зургаас дутахааргүй түвшинд гүйцэтгэлтэй байсан учраас урлагийн бие даасан төрөл болтлоо хөгжжээ.

Эртний хүмүүс эсгий, арьсаар хийсэн хувцас эдлэлээ, хээлж чимэглэж эхэлснээр наамал урлагийн эхлэл болжээ. Манай орны Ноён уулын булшнаас 1949 онд олдсон Хүннү гүрний үед хамаарагдах /МЭӨ III/ зуун ширмэл ширдэг бол гоёл чимэглэлийн урлагийн нэн эртний үед үүсэлтэйн гэрч юм. Эсгий эдлэл дээрх цагаан, хүрэн хар, өнгийн хээ угалзыг тэмээний ноос болон адууны хялгасыг гурамсаж томсон  зээг тавьсан байсан. Түүхийн хөгжлийн явцад торго,саа утас болон өөрчлөгджээ.

Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд зээгт наамлын аргаар бэлдсэн цагаан цаасан дээр өнгийн цаасаар цэцэг навч болон янз бүрийн амьтдын дүрсийг хайчилж наах, идэвхитэй оролцож сайн зурсан хүүхдүүдийг плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулах.

Үр дүн: Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд Торгон зураг гэж нэрлэгдэх Зээгт наамлын урлагийн талаар мэдлэгтэй болж өөрсдөө дуурайлган хийж үзэх боломжтой юм.

Монголчуудын уран сайхны сэтгэлгээний уламжлалд тулгуурлаж торго, хоргойг нааж, зээглэх хатгамал зэрэг оёдлын аргаар гүйцэтгэсэн ардын урлагийн бүтээлийг зээгт наамал гэнэ. "Зээгт наамал"-ыг "Торгон зураг" хэмээн нэрлэсэн нь дүрслэл уран сайхны төгс илэрхийлэлээрээ зургаас дутахааргүй түвшинд гүйцэтгэлтэй байсан учраас урлагийн бие даасан төрөл болтлоо хөгжжээ.

Эртний хүмүүс эсгий, арьсаар хийсэн хувцас эдлэлээ, хээлж чимэглэж эхэлснээр наамал урлагийн эхлэл болжээ. Манай орны Ноён уулын булшнаас 1949 онд олдсон Хүннү гүрний үед хамаарагдах /МЭӨ III/ зуун ширмэл ширдэг бол гоёл чимэглэлийн урлагийн нэн эртний үед үүсэлтэйн гэрч юм. Эсгий эдлэл дээрх цагаан, хүрэн хар, өнгийн хээ угалзыг тэмээний ноос болон адууны хялгасыг гурамсаж томсон зээг тавьсан байсан. Түүхийн хөгжлийн явцад торго,саа утас болон өөрчлөгджээ.

"Зээгт наамал” бүтээх арга

Хар зураг гаргах, цардах, эсгэх, нугалах, наах өрөх, зээглэх саа даруулах хатгамал зэрэг дамжлагаар хийж бүтээдэг.

Хар зураг: Бүтээх зээгт наамалын бүтээлийн хэмжээний хар зургийг зураач гаргана. Нэг хувийг зургаа урлах дүрсийнхээ дагуу нэг бүрчлэн хайчлахад, нөгөөг нь өрж байрлуулахад үлгэр болгоход, гуравдах хувийг нь давхардсан хувийг нөхөж хайчлахад хэрэглэдэг байна.

Цардалт: Зээгт наамалд өнгө тохируулахдаа будаг хэрэглэхгүй бөгөөд зөвхөн өнгийн торгон эдлэлээр өнгийн дагнаасыг илэрхийлдэг. Өнгө тааруулж сонгосон торгоныхоо арыг ширхэг дагуулан цардана. Дээр үед малын дэлүү, банлиг хэмээх ургамлын үндсээр найруулсан жонхуу хэрэглэдэг байсан бол одоо голдуу гурилаар найруулж хэрэглэж байна.

Эсгэлт: Хэрхэн эсгэж байсан тухай мэдээ баримт нотолгоо олдоогүй ч хар зурагт дүрслэгдсэн хайчилж бэлдсэн дүрсүүдээ материалдаа цардаад хар зурагнаас 2 мм орчим зайтай үлдээж эсгэдэг байсан мэдээ байдаг.

Наалт: Эсгээд илүү авсан 2 мм хөвөөг дотогш нь нугалж наадаг.

Өрөлт: Цардаж, эсгэж наасан дүрсүүдээ хар зураг дээрээ өрж байрлуулан л байх захыг нугаласнаа дээд талд байрлуулж наалтгүйгээр өрнө.

Зээг: Зохиомжийн дүрслэгдхүүний хэвийг алдагдуулахгүйн тулд хэрэглэдэг нэг ёсны бэхэлгээ болдог.

Зээг нь гурамсан зээг, хялгасан зээг туузан зээг, алт мөнгөн зээг гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй.

  • Зөв, солгой эрчээр томсон торгон утсыг гурамсан зээг гэдэг.
  • Адууны уртын хялгасыг торгон утсаар ороож зээглэхийг хялгасан зээг гэдэг.
  • Алт, мөнгөн сааг зээг дагуулан самнаас гаргаж оёх явцыг саа даруулах гэдэг.
  • Алтан сааг улаан утсаар, мөнгөн сааг ногоон болон цагаан утсаар даруулж оёдог.

Зээгт наамалд нүд, ам, хамар, хөмсөг гэх мэт нааж хийх боломжгүй жижиг зүйлсийг задгай хатгамлаар оёно.

“Зээгт наамалын зохиомж”

Дүрсүүдээ өгөгдсөн талбайд илүү байрлуулж хоосон зай үлдээлгүй уламжлал шинэчлэлийг хадгалсаар иржээ.

Монголын Дүрслэх урлагийн түүх

Зургийг таа

Музей дахь лекц

“Хүүхдэд ээлтэй музей” өдөрлөг /Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр/

Дүрслэх уралгийн музей нь жил бүрийн 06-р сарын 01 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан музейн бяцхан үзэгчидээ зориулан гадаа талбайдаа хонжворт сугалаа болон хүүхдүүдийн нүүр, гаран дээр нь будгаар өөрсдийн хүссэн дүрс, зургуудыг зурж өгөх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Музейн хэрэглэгддэг нэр томъёо

Соёлын өв: Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд өлгийн болон утга соёлын өвийн зүйлс.

Өв дурсгалыг чухалчлах: Соёлын болон байгалийн өвийн нийгэм соёлын үүргийг нэмэгдүүлж олонд таниулах замаар тэдгээрийн хадгалалт, орчин үеийн соёлд нэвтэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа.

Соёлын өвийг хамгаалах: Соёлын өвийг урт хугацаанд хадгалах зорилгоор зориулалтын тусгай орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх нэгдмэл үйл ажиллагаа.

Музей: Нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэх, олон нийтэд нээлттэй, байнгын үйл ажиллагаатай, хүнийг гэгээрүүлэх, оюуны хэрэгцээг хангах зорилгоор хүн түүний амьдрах орчинтой холбоотой бодит гэрч болох зүйлийг цуглуулах, хадгалах, судлан шинэлэх, дэглэн үзүүлэх, сэргээн засварлах, сурталчлах үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус соёлын байгууллага.

Музейг удирдах байгууллага: Музейд бүрэн эрхийг нь олгож, бодлого, санхүүжилтийг нь шууд харъяалан удирдаж байгаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллага.

Музейн удирдлага: Музейн өдөр тутмын, байнгын үйл ажиллагааг удирдан, зохицуулах зорилгоор холбогдох дээд байгууллагаас томилогдсон захирал түүний дэргэдэх зөвлөл.

Сан хөмрөг: Музейгээс цуглуулан бүрдүүлж, бүртгэж, хадгалж байгаа гарал үүсэл, бүтсэн эд, хийсэн арга, цаг хугацаагаар ялгаатай, байгаль, түүх, соёл, урлаг, шинжлэх ухаан, музейн ач холбогдол бүхий төр, нийгэм, байгалийн түүх, ард түмний эдийн болон оюуны соёлын өвийн бодит ба бодит бус дурсгалт зүйлсийн цогц бүрдэл, Монгол улсын үндэсний эрхэм баялаг.

Сан хөмрөгийн үндэс: Нийгмийн болон байгалийн үйл явдал, үзэгдлийг баримтжуулах чадвартай, анх байсан ахуйгаас нь салгаж авсан байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлс юм.

Сан хөмрөгийг иж бүрдүүлэлт: Салбарын шинжлэх ухаан, музей судлалын арга барилын зарчимд тулгуурлан зорилго чиглэлтэй, дэс дараалсан төлөвлөгөөтэйгөөр, музейн зүйлийг илрүүлж цуглуулан музейн цуглуулгыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх үйл ажиллагаа юм. Музейн сан хөмрөгийн бүрдүүлэлт нь музейн үүрэг, сан хөмрөг бүрдүүлэх эрдэм шинжилгээни төлөвлөлтөөс хамааран хэрэгжих зорилтот үйл ажиллагаа болдог.

Сан хөмрөгийн хадгалалт: Музейн үнэт зүйлсийг бүрэн бүтэн байлгах, тэдгээрийг гэмтэх, муудах, хуглайд алдахаас хамгаалах, цуглуулгыг үзүүлэх, судлахад тааламжтай нөхцлийг бий болгоход чиглэдэг.

Сан хөмрөгт авах: Эд өлгийн зүйлийг сан хөмрөгт албан ёсоор авч, музей эзэмших эрхийг баталгаажуулах явцыг хэлнэ. 

Сан хөмрөгийн ангилал: Сан хөмрөгийн эд өлгийн зүйлийг ижил төстэй болон ялгаатай талаар нь буюу он цаг, газар зүй, нэр, сэдвийн дагуу эмхэлсэн зохион байгуулалтыг хэлнэ. Ангилал нь тухайн ангиллаар байхгүй үзмэр, эд зүйлийг тодруулж өгөх ач тустай.  

Үндсэн сан хөмрөг: Музейн төрөл чиглэлд тохирсон эд өлөгийн зүйлсийг багтаасан сан хөмрөг.

Сан хөмрөгийн систематизаци: Ангиллын үндсэн дээр картлан төрөлжүүлж каталог бий болгоно.

Музейн эд өлгийн зүйл: Музейн үнэ цэнэ (эрдэм шинжилгээний, түүхэн, уран сайхны зэрэг) нь тогтоогдсон, оршин байсан газраас нь музейд авчирч, эрдэм шинжилгээ, техникийн хувьд боловсруулан цуглуулгад авсан эд зүйлийг хэлнэ. Мөн соёлын болон байгалийн хөдөлгөөнт эд зүйл, мэдлэг болон сэтгэл хөдлөлийн үүсвэр, музейн цуглуулгаар бий болгосон зүйлс ба нийгмийн ухамсарт мэдээлэл өгөх сайны үнэ цэнийг агуулж байдаг.

Музейн эд зүйлийн ангилал: Музейн сан хөмрөгийн эрдэм шинжилгээний үүднээс зохион байгуулах, музейн үзмэр, эд өлгийн зүйлийг түүх соёлын болон хууль, эрх зүйн ач холбогдлыг тэмдэглэх аргачлал, мөн тэдгээрийг хадгалах, ашиглах, судлахад дээд зэргээр судлах нөөцийг бий болгох. Музейн эд зүйлийн ангилалд эд зүйлийн хэв шинж, зүйл хэлбэр хоорондын зүй тогтолын уялдаа тодорно. Эд зүйлийн хэв шинж нийгэм соёлын мэдээллийг кодчлох замаар тодорхойлно.

Дурсгал(итал.memoruale, лат. memorialis) Дурсгалын, түүхэн үйл явдлын газарт эсвэл алдартай хүний амьдрал уран бүтээлд зориулан босгосон уран барилгын чуулган. Дурсгалт уран барилгын нийлэмж зохицол, тэр дундаа цэнгэлдэх, цэцэрлэгт хүрээлэн, жижиг уран барилгууд, сүрлэг уран барилгууд тооцогдоно. Дурсгалын зүйлд музей, шүтлэгийн байгууламжууд (сүм дугана, цаг, цамхаг) оршуулга зэрэг газрууд орно.

Үзмэр: Үзүүллэгийн харилцан идэвхтэй үйлчлэл бүхий хэсэг бөгөөд оюуны эрэлт хэрэгцээ, мэдээллийн эх сурвалж болох, хүний сэтгэл хөдлөлийг үүсгэгч соёлын өв.

Үзмэрийн хуулбар: Олшруулах зорилгоор дахин дууриалган хийсэн, эсвэл эх зүйлд холбоо хамаарал бүхий орлуулж болохын хувьд үндсэн сан хөмрөгт бүртгэгдэнэ.

Сэргээн засварлах: Үзмэрийг сэлбэх, сэргээн засварлах, нөхөн сэргээх, анхны дүр төрхөд нь оруулах, эвдрэл хуучралтыг зогсоох, хамгаалах зорилгоор явуулах мэргэжлийн үйл ажиллагаа.

Цуглуулга: Шинжлэх ухаан, нийгмийн хөгжилд туслах зорилгоор музейд цуглуулан хадгалж, мэдээлэл, мэдлэгийн эх сурвалж болгон түгээн дэлгэрүүлэхэд ашиглах шинжлэх ухаан, байгаль, түүх, соёл, урлагийн үнэт дурсгалт зүйлсийн цогцолбор.

Үзүүллэг: Музей сан хөмрөгтөө байгаа цуглуулгаас дизайн, гоо зүйн шаардлагын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой агуулгыг илэрхийлэн тайлбар танилцуулгатай нийтэд дэлгэн үзүүлэх ажиллагаа.

Үзүүллэгийн үндсэн чиглэл: Музейн зорилго, сэдвийн дагуу үзүүллэгийн шинжлэх ухааны үндэслэл бүхий агуулга, уран сайхны шийдлийг тодорхойлсон баримт бичиг.

Сан хөмрөгийн бүртгэл: Музейн сан хөмрөг ба судалгааны үр дүнг музей эзэмших эрхийг хуулиар баталгаажуулахад чиглэгдсэн сан хөмрөгийн ажлын чиглэлийг хэлнэ. Музейн бүртгэлд эд зүйлийн цуглуулгын менежментийн тухай үндсэн мэдээлэл, түүний дотор тоо бүртгэл, аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтад шаардлагатай мэдээлэл тусгагддаг.

Сан хөмрөгийн баримтжуулалтын баримт бичиг: Музейн эд зүйлийн шинж чанарыг илрүүлэн, шинжлэх ухаан, эдийн болон оюуны соёлын түүхтэй харилцан холбогдох байдлыг илэрхийлсэн тодорхойлолт, гарал үүсэл, хадгалалтын байдал, сэргээн засварлалт, байршил болон бусад холбогдох мэдээлэл  агуулагдана.

Сан хөмрөгийн баримтжуулалтын баримт бичиг нь тоо бүртгэлийн баримт бичгээс илүү өргөн ойлголт бөгөөд тоо бүртгэлийн баримт бичгээс гадна ангиллын схем, каталог, картын сан, заагч, тодорхой үзмэр, цуглуулгын нэг сэдэвт зохиол, өгүүлэл зэрэг судалгаа, нэмэлт мэдээллийн хавтас хувийн хэрэг (захиа, сонингийн хайчилбар, сэргээн засварласан баримт, гэрэл зураг, малтлагын тэмдэглэл) орно. Энэхүү баримт бичгийг үзүүллэг, тайлбар бэлтгэх, сан хөмрөгийн судалгаа хийх зэрэгт ашиглана.

Баримтжуулалт: Аливаа эд зүйл буюу цуглуулгад хамааралтай мэдээллийг цаасан болон цахим тээгч дээр буулгах, бүртгэх үйл явцыг хэлнэ.

Ерөнхий бүртгэл: Музейн сан хөмрөгт орж байгаа бүх зүйлд хөтлөгдөх үзмэрийн шинжлэх ухаан, соёл, музейн ач холбогдлыг тодорхойлон бүртэх, хадгалах ажлын эх үндэс нь бөгөөд өмчлөгчийг төлөөлж музей эзэмшигч болохыг баталгаажуулсан хууль эрх зүйн баримт үндсэн баримт бичиг мөн.

Сан хөмрөгт авсан бүртгэлийн дугаар: Эд өлгийн зүйлийн сан хөмрөгт оруулахад дэс дараалуулан өгөх дугаар. Эд өлгийн зүйл сан хөмрөгөөс хасагдсан тохиолдолд уг дугаарыг дахин хэрэглэхгүй.

Үзмэрийн хувийн дугаар: Эд өлгийн зүйл болон цуглуулгад музейн сан хөмрөгт хүлээн авсан дэс дарааллаар хувийн дугаар өгч Ерөнхий бүртгэлд бүртгэх ба хувийн дугаар нь музейн өмчлөл, эзэмглийн эрхийн баталгаажуулахаас гадна бүртгэл-мэдээллийн санчийн сан хөмрөгийн бүртгэх, хянах хэрэгсэл болно.

Эрдэм шинжилгээний төрөлжсөн бүртгэл: Музейн эд өлгийн зүйлийг судлан төрөлжүүлж, эрдэм шинжилгээний тодорхойлолт бүхий мэдээлэл бичсэн бүртгэлийг хэлнэ.  

Эрдэм шинжилгээний тодорхойлолт: Эд өлгийн зүйлийн гарал үүсэл, шинж төлөвийг дэлгэрүүлэн тодорхойлсон  эрдэм шинжилгээний тодорхойлолт

Эрдэм шинжилгээний каталог: Илүү бүрэн, гүйцэт мэдээлэл бөгөөд түүнд эд зүйлийн түүхэн ач холбогдлын тухай нэмэлт мэдээлэл байна.  

Музейн эд зүйл, үзмэрийн мэдээллийн чадамж: Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн нүдэнд харагдах бүхийл л мэдээлэл, мөн далд мэдээллийг хэлнэ.

Музейн сан хөмрөгийн улсын каталог: Улсын чанартай бүх музейн үзмэр эд өлгийн зүйл, цуглуулгаын тухай мэдээ баримт. Энэхүү каталогид зөвхөн соёлын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг улсын бүхий л байгууллага хамрагдана.

Каталог: Сан ба үзмэрийн талаар мэдээллийг шуурхай олоход зориулагдана. Хэвлэгдсэн карт хэлбэрээр ба компьютерт хийгдсэн байна.

Мэдээллийн индекс гэдэг ойлголтод картын сан, ангиллын схем, цувралын индекс гэсэн зүйлүүд багтана.

Индекс:Мэдээллийг түргэн шуурхай, зөв дамжуулах, эх сурвалжаас олох зорилгоор сан хөмрөгийн бүртэл, үзмэрийн байршил зэргийг таних тэмдэг, үсгээр тэмдэглэхэд зориулагдана.

Картын сан нь: Үзмэрийн картыг тодорхой дарааллаар байрлуулан ангилж, системчлэн цэгцэлж, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг судлах, тодорхойлох, уялдаа холбоог илрүүлэх, ашиглах, шуурхай олоход зориулагдсан хайлт ашиглалтын тогтолцоо юм. Музейн эд өлгийн зүйлийн талаарх аливаа мэдээллийг авахын тулд ангиллын схем ба картын тогтолцоо хийнэ. Энэ тогтолцоог бий болгох ажлыг каталогжуулалт гэнэ. Ангиллын схемд картын санг үүсгэх зарчмыг тодорхойлж, ангиллын нэгжүүдийг бий болгоно. Ангиллыг схемчилж зураг маягаар буюу жагсаалт маягаар хийж болно. Тодорхой индекс тэмдэглэгээгээр хуваагдал бүрийг ангилалд тэмдэглэж, хуваагдал хоорондын харьцаа, хамаарлыг харуулна. Үүний тусламжтайгаар картыг санд байрлуулна.

Картын сангийн тогтолцоо нь цэгцтэй мэдлэгийг бий болгодог бөгөөд төрөл бүрийн заагч каталог, цуглуулгын каталог, үзэсгэлэнгийн каталог, лавлах, хөтөч танилцуулга хэвлүүлэн эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах бололцоо олгодог.  

Код: Тэмдэг тэмдэгтийн нийлэмж бөгөөд мэдээлэл үүсгэх, дамжуулах, хадгалахын тулд тэмдэгтүүдийн (тоо, үсэг) тогтсон дүрмийн дагуу нэгтгэн үүсгэсэн цогц юм.

Музей судлалд уг нэр томъёог музейн үзэгч ба үзүүллэгийн хоорондын харилцааны явцад хэрэглэгдэх үзүүллэг зохион байгуулалтын дүрэм гэж ойлгоно. Код нь музейн хэлний бүрэлдэхүүн хэсэг юм.

Музейн үйл ажиллагааны мэдээллийн технологи: Цуглуулга, хадгалах, мэдээллийн бий болгох ажлыг хангадаг шинжлэх ухаан техникийн хүчин зүйлс, нөөц, арга зүй мөн эдгээрийн музей ба музейгээс гадна орчинд оршин тогтнож буй хэлбэр.

Мэдээллийн технологи нь гар ажиллагааг багасгах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрэл хайлтын үр дүнтэй болгох (сан хөмрөгийн цахим хэлбэрт оруулах, музейн мэдээллийн цахим сан бий болгох), музейн үзүүллэгийг харилцааны болон мэдээлэл дамжуулах байдлыг нэмэгдүүлэх, түүнчлэн тоо үзүүлэлтээр өв дурсгалыг хадгалах зэрэгт чиглэсэн байна.

Хүсэлт илгээх