Tанилцуулга
Бурхан багшийн дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын тавдахь нь Майдар юм. Ирээдүйдзалрах Майдар бурханы лагшин алтан шар өнгөтэй, амирлангуй дүртэй. Хоёр мутраар номын хүрд эргүүлэх мэт удвал цэцгийн ишнээс чимхэж,өлмийгөө бадамлянхуа цэцгийн саран мандал дээр тавьсан нь Түшита тэнгэрийн орноос Замбуу тивд залран ирэх утгыг агуулна. Тэрээр бодисадвын эрдэнийн титэм, чимэг зүүлт зүүж,ногоон торгоор биеэ ороон тэнгэрийн хив торгон хормойвч өмссөн байдаг.
Түүнийг залан дуудах ёслолыг Майдар эргэх ёслол гэнэ. Энэхүү ёслолд Майдар бурханыг ногоон морины толгойтой хамт их тэргэнээ залж, сунтагнаас лам нар хөтлөн явна. Их тэрэг хэмээх өндөр дугуйтай модон тэрэгний хоёр талаар элдэв дээдийн тахил, сан утлага барьсан, хэнгэрэг цан, бүрээ бишгүүр үлээсэн лам нар эгнэн, араас нь энгийн ард дагалдах бөгөөд нийтийг хамарсан шашны томоохон ёслолын нэг билээ.
Онцлох үзмэрүүд
Майдар эргэх ёслолын тэрэг
Майдар бурхан Бурхан багшийн дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын тав дахь нь юм. Өөрөөр хэлбэл Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэхүү ёслол нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн, ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.
Их Хүрээнд Майдар эргэх ёслол нь олон нийтийг хамарсан хамгийн чухал томоохон шашны зан үйл байжээ. Дөрвөн дугуйтай тэргэнд ирээдүй цагийн бурханаа мод, цаасаар хийсэн ногоон өнгийн морины толгойн хамт залан хаврын адаг сард хүрээний гадуур тойрон эргэж ёсолдог байв.
Хутагтын Их Хүрээ буюу өнөөгийн Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод ирээдүй цагт залран ирэх Майдар бурханыг 1834 онд V Жэвзүндамба хутагт Лувсан-Чүлтэм-Жигмэд-Дамбий-Жанцан богдын санаачилгаар олноо “Жидорын их хамба Агваанхайдав” хэмээн алдаршсан хамба номун хан Агваанхайдав голлон удирдан бүтээлгэснээр нийт монголчуудын их шүтээн төдийгүй соёлын чухал нандин өв болж байсан тухай гадаадын жуулчдын тэмдэглэл болон түүхийн баримтанд тодорхой дурьдагдсан байдаг. Ингээд 1934-1936 он хүртэл тасралтгүй 103 удаа энэхүү ёслолыг үйлджээ.
Улмаар "Зүүн хүрээ" Дашчойлин хийд нь хуучны хурал номын зан үйл, ёс заншилийн дагуу 1992 онд зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр дахин сэргээснээс хойш жил бүрийн энэ өдөр сүсэгтэн олонтойгоо хамтран хийх болсон.
Анх 1999 онд Нидерланд улсад болсон “Dancing demons of Mongolia” үзэсгэлэнд тус музей Майдар бурханы дүр болон ногоон морины толгой зэрэг үзмэрээр оролцжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагч нар дээрх үзмэрийг сонирхон судлаж, XX зууны гэрэл зургаас эх авч тэргийг нь бүтээн 2000 оны 9-р сард тус музейд бэлэглэжээ. Энэхүү тэргийг Сибирийн царс модоор Амстердамын Урлагийн академийн сийлбэр, мужааны ангийн оюутнууд урлаж, үзэсгэлэнгийн нээлтэд оролцуулсан байна. Дээрхийн гэгээн XIV Далай лам тэргэнд залсан Майдар бурханыг сүншиглэсэн түүхтэй.